Хамтын ажиллагааны санамж бичгийн хугацааг сунгалаа...
Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын харьяа “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь Солонгос улсын Сондун дүүрэгтэй 2018 оноос хамтын ажиллагааг эхлүүлэн “Сондун төгөл” байгуулахаар ажиллаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Сондун дүүргийн захирагч Жон Вон У тэргүүтэй албаныхан болон тус дүүргийн сайн дурын байгууллагын төлөөллүүд айлчилж “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагааны санамж бичгийн хугацааг сунган “Сондун төгөл”-д 68 ширхэг нарс, 282 ширхэг моносыг нэмж тарилаа. Уулзалтаар Сондун төгөл-ийг Солонгос улсын өв соёл, уламжлалыг харуулсан “Мини цэцэрлэгт хүрээлэн” болгон хөгжүүлэх саналыг солилцон дараагийн шатны арга хэмжээг Солонгос Улсын Сондун дүүрэгт зохион байгуулахаар боллоо.
Манай мэргэжлийн баг хамт олон тус төглийн арчилгаа, усалгааг тогтмол хийн “Сондун төгөл” цэцэглэн хөгжиж иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх ая тухтай, эрүүл ногоон орчны нэг болно гэдэгт итгэлтэй байна.