Шилмүүст модыг гэрийн нөхцөлд үрээр хэрхэн үржүүлэх вэ?
1. Үрээ тарихын өмнө гарц нь ямархуу байна? соёолж чадах эсэхийг туршиж нойтон даавуунд хавчуулан 2 долоо хоног орчим байлгахад соёо цухуйж байвал үр ургах чадвартай гэсэн үг.
2. 1-2 сар чийгтэй элсэнд /стартификаци/ хийнэ. Ингэхдээ 0-(+5) хэм бүхий хөргөгчийн доор эсвэл хаалганд, мөн зоорь зэрэгт байлгана. 1-2 долоо хоног тутам үзэж чийгтэй байгаа эсэхийг шалгана. Хатах шинжтэй бол усалж өгнө, гэхдээ хэт услалт биш, зөвхөн чийгтэй байх төдий услах шаардлагатай.
3. Хэрвээ стартификаци хийж амжаагүй бол хавар шууд хөрсөнд суулгаж болно, гэхдээ үрээ урьдчилан усанд норгох хэрэгтэй. Энэ тохиолдолд үрийг өвөлдөө хүйтэн газар хадгалсан байвал ургалт нь илүү сайн.
4. 1-2 сар болонгуут үр бүхий элсээ гарган томхон шиг хайрцагт, цэцэг тарьдаг хөвсгөр шороон хөрсөнд таривал цухуйлт сайн. Тарихдаа хайрцгийн талд хүртэл хөрсөө дүүргэнэ. Дараа нь үртэй элсээ жигд тараана. Дахин дээрээс нь 3/2 хүртэл хөвсгөр хөрсөөрөө хучиж өгнө.
5.Цэцэг услагч шүршигчээр үе үе шүршиж чийгтэй байлгах арга хэмжээ авч байна. Анхны соёо гартал пленкоор бүрэх нь чийгтэй байлгах найдвартай арга. Ингээд цухуйхыг нь хүлээж эхэлнэ. 14 хоногийн дараа эхний соёо цухуйж магадгүй, хэрвээ цухуйхгүй бол хүлээгээрэй. Сарын дотор соёолно. Энэ хугацаанд паарны дэргэд дулаан газар байрлуулна.
6. Гарч ирж буй соёо нь маш эмзэг тул шүршигчээр л үргэлжлүүлэн услах шаардлагатай.
7. Хайрцагт соёолж эхэлсэн суулгацууд аажмаар хүчээ авч дээшээ өсөж, иш нь ялимгүй биежиж эхэлнэ. Хаврын цагт тагт болон гадаа, хүлэмж зэрэгт гаргаж сэрүүн цаг агаарыг мэдрүүлж өгнө. Эхний үед 2-3 цагаар гаргаж, оруулан, аажмаар гадаа байх хугацаа нэмж өгнө.
8. Гадаа дулаан болж эхлэнгүүт буюу тухайн жилийн цаг агаарын байдлаас шалтгаалан хайрцгаас гарган шууд хөрсөнд суулгах, эсвэл 1 удаагийн аяганд суулгаж болно.
9. Шилмүүст мод нь навчит модыг бодвол ургалт удаан тул танаас маш их тэвчээр шаардагдан. Гэхдээ л өөрийн гараар бойжуулсан мод гэдэг бол, ирээдүй хойч үедээ үлдээх бодит хөрөнгө оруулалт юм.
Мод нэгэнт үндсээ бэхэлсэн үеэс байгалийн нэг хэсэг болдог. Модод шувуудын жиргээгээр дүүрч, салхитай хөөрөлдөн хөгжим эгшиглүүлэх мөчөөс өвөрмөц чанарыг олдог. “Модод бол ирээдүйд хүрэх уран баримал мөн" Оролдоод үзээрэй.