Арван хоёр. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хориглох зүйл
12.1. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл баримтлал, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно.
12.2. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биедээ үгээр, биеэр, цахимаар болон бусад аливаа хэлбэрээр бие махбод, сэтгэл зүйн дарамт, бэлгийн дарамт үзүүлэхийг хориглоно.
12.3. Ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биеэ зодох, цохих зэргээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдэх, үйлдэхээр заналхийлэх, хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаахыг хориглоно.
12.4. Энэ журмын 12.1-12.3-д заасан хориглосон нөхцөлийг бий болгох замаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэхийг хориглоно.
12.5. Энэ журмын 12.1-.12.4-д заасан аливаа үйлдэл нь гэмт хэргийн болон Зөрчлийн шинжгүй бол үйлдвэрийн газрын Ёс зүйн хороонд хандаж Ёс зүйн дүрмийн дагуу шийдвэрлүүлнэ.