Зургаа. Ажлын цаг, амралтын хугацаа, чөлөө олгох
- 6.1 Ердийн ажлын өдөр 8 цаг үргэлжилнэ. Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын болон амралтын өдөр, эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрээр Улаанбаатар хотод тогтоосон ажил эхлэх цагийг тус тус мөрдөнө. Ажлын өдрийн үдийн завсарлага 1 цаг үргэлжлэх бөгөөд үдээс өмнө буюу хойших ажлын цагийн үргэлжлэх хугацааг тэнцүү байхаар тогтооно.
- 6.2 Ажлын зайлшгүй шаардлагаар ажил олгогчийн шийдвэрээр хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг илүү цагаар ажиллуулж болно. Ажилтны ажилласан илүү цагийг нөхөж амруулна. Нөхөж амруулах боломжгүй бол ажил олгогчийн шийдвэр (удирдлагын цохолт)-ийг үндэслэн илүү цагаар ажилласан үeийн хөдөлмөрийн хөлсийг зохих журмын дагуу тооцон олгоно.
- 6.3 Ажилтан өөрийн ажил, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс нөхөж гүйцээхээр ажилласан илүү цагт нэмэгдэл хөлс олгохгүй.
- 6.4 Зарим онцлог ажил, үүрэг бүхий ажлын байранд ажил олгогчоос тогтоосон тусгай цагийн хуваариар ажиллах ба хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгана.
- 6.5 Үйлдвэрийн газрын үйл ажиллагаанаас хамаарч ажил олгогч ажилтныг ажлаар бүрэн хангах боломжгүй нөхцөл байдал үүссэн бол түүнийг арилах хүртэл хугацаагаар тухайн ажилтны ажлын өдөрт өөрчлөлт оруулж болно.
- 6.6 Ажилд ирэх, ажлаас тарахдаа ажилтан цагийн бүртгэлийн дэвтэрт бүртгүүлнэ. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа ажилтны цагийн ирц, бүртгэлийг тухайн орон нутагт ажиллаж байгаа Захиргааны ажилтан хариуцна.
- 6.7 Ажилтан тогтоосон хуваарь, цагт ажлын байранд тогтмол ажиллах үүрэгтэй бөгөөд гадуур албан ажлаар явах тохиолдолд шууд удирдах ажилтандаа, түүний эзгүйд харьяалах удирдлагадаа мэдэгдэж, гадуур ажлын тэмдэглэлд холбогдох мэдээллийг бүртгүүлнэ. Хариуцсан ажилтан гадуур ажлын тэмдэглэл хөтлөх бөгөөд тухайн ажилтан гарын үсэг зурсан байна.
- 6,8 Журамд заасан цаг ашиглалт, цагийн бүртгэлийн нэгдсэн тайлан нь ажилтны сарын цалинг тооцох үндэслэл болно. Хүний нөөц нь цаг ашиглалтын явцын тайланг сар бүрийн 15-нд, нэгдсэн тайланг тухайн сарын сүүлийн ажлын өдрийн дотор гаргана. Нэгдсэн тайланг Захиргааны асуудал хариуцсан ажилтнаар хянуулж Санхүүгийн асуудал хариуцсан ажилтанд хүргүүлнэ.
- 6.9 Шууд удирдах албан тушаалтан ажилтны ажлын цаг ашиглалтад, Захиргааны асуудал хариуцсан ажилтан нийт ажилтны ажлын цаг ашиглалт, ирцийн бүртгэлд хяналт тавих үүрэгтэй.
- 6.10 Хүний нөөц ажилтан тус бүрийн ажлын цаг ашиглалтын явцын болон нэгдсэн тайланг Даргад цахим хэлбэрээр танилцуулна. Ажилтан явцын тайлангаар 50 ба түүнээс дээш минут, нэгдсэн тайлангаар 100 ба түүнээс дээш минут ажил тасалсан (хоцорсон) бол ажлын цаг ашиглалт хангалтгүй гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын арга хэмжээ ногдуулна.
- 6.11 Ажилтан ажил олгогчийн санаачилгаар болон ажил үүргийн онцлогоос Хөдөлмөрийн тухай хуульд заасан нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн нийтээр амрах амралтын өдрүүдэд ажилласан бол өөр өдөр нөхөн амраана. Амралтыг захиргааны асуудал хариуцсан ажилтан зохицуулна. Журмын 6.5-д заасан тусгай цагийн хуваарьт энэ заалт хамаарахгүй.
- 6.12 Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол энэ журамд заасны дагуу ажилтанд чөлөө олгоно.
- 6.12.1 Ажлын 8 цаг хүртэлх цалинтай чөлөөг түүний шууд удирдах албан тушаалтан чөлөөний хуудсаар олгоно. Ийнхүү чөлөө авах давтамж нь нэг улиралд ажлын 40 цагаас илүүгүй байна.
- 6.12.2 Ажлын 1-3 өдрийн цалингүй чөлөөг шууд удирдах албан тушаалтан чөлөөний хуудсаар олгоно. Ийнхүү чөлөө авах давтамж нь нэг сард 3-аас дээшгүй ажлын өдөр байна.
- 6.13 Чөлөө олгосон албан тушаалтан тухайн ажилтны ажил, үүргийн биелэлтэд хяналт тавих ба чөлөө олгосон хугацааны ажлын үр дүнг дээд албан тушаалтны өмнө хариуцна. Ажилтан чөлөө авах хүсэлтээ бичгээр гаргах боломжгүй тохиолдолд амаар мэдэгдэж болох ба чөлөөний хуудсыг нөхөж авна.
- 6.14 Энэ журмын 6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд чөлөө олгох асуудлыг Дарга ажилтны бичгээр гаргасан хүсэлт, хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн шийдвэрлэнэ.
- 6.15 Захиргааны асуудал хариуцсан ажилтан чөлөө авах хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авна. Хүндэтгэн үзэх шалтгааныг дараах байдлаар ойлгоно. Үүнд:
- 6.15.1 Ажилтны эхнэр, нөхөр, хүүхэд, өөрийн болон хадам эцэг, эх, өөрийн өвөө, эмээ, ах, эгч, дүү болон ажилтны шууд асран хамгаалалтад байдаг хүн нас барсан;
- 6.15.2 Ажилтан, түүний эхнэр, нөхөр, хүүхэд, өөрийн эцэг, эх, өвөө, эмээ, ах, эгч, дүү болон ажилтны шууд асран хамгаалалтад байдаг хүн хүндээр өвчилсөн, удаан хугацаагаар эмчлүүлэх, дэглэм сахих, асрах шаардлагатай болсон;
- 6.15.3 Ажилтан, түүний хүүхэд хурим хийх болсон;
- 6.15.4 Ажилтан гадаад, дотоодын сургууль, сургалт, дамжаанд суралцах /мэргэжил дээшлүүлэх, магистрант, докторантурт суралцах/, эрдмийн зэрэг хамгаалах, мэргэжлийн шалгалт өгөх болсон;
- 6.15.5 Шинээр мэндэлсэн хүүхдийн эцэг;
- 6.15.6 Бусад шалтгаан.
- 6.16 Хүндэтгэн үзэх шалтгаанаар ээлжийн амралтаас урт хугацаагаар чөлөө авах хүсэлтийг Даргын тушаалаар шийдвэрлэнэ. Энэхүү чөлөө нь 6 сараас ихгүй байх ба хоёр чөлөөний хоорондын хугацаа 1 жилээс багагүй байна. Ийнхүү давтамж нь жирэмслэх, төрөх, суралцах зэрэг хуульд тусгайлан заасан чөлөөнд хамаарахгүй.
- Хүний нөөц нь ажилтны саналыг харгалзан дараа жилийн ээлжийн амралтын хуваарийг тухайн жилийн 12 дугаар сарын 25-ны дотор гаргаж, Даргын тушаалаар батална. Шийдвэрийн хэрэгжилтэд Захиргааны асуудал хариуцсан ажилтан хяналт тавина.
- 6.17 Дарга ажлын зайлшгүй шаардлагаар ажилтны ээлжийн амралтын хуваарьт өөрчлөлт оруулж болно.
- 6.18 Ажилтанд жил бүрийн ээлжийн амралтыг олгож, биеэр эдлүүлнэ. Ээлжийн амралтын хоорондын хугацаа 6 сараас багагүй байна. Шинээр ажилд орсон, 4 сараас дээш хугацаагаар эзгүй байсан ажилтан ажилдаа эргэж орсон бол ээлжийн амралтыг 11 сар ажилласны дараа олгоно.
- 6.19 Захиргааны асуудал хариуцсан ажилтан журмын 6.19-д заасан ээлжийн амралтын хуваарийн дагуу “ээлжийн амралт олгох мэдэгдэл”-ийг тухайн ажилтан болон Санхүүгийн асуудал хариуцсан ажилтанд өгнө. Санхүүгийн асуудал хариуцсан ажилтан мэдэгдлийг хүлээн авснаар тухайн ажилтны амралтын олговрыг тооцож олгоно. Ажилтан амарч дуусаад (амралтын дундуур дуудагдаж ажилласан тохиолдол мөн адил) ажилд орсон өдрөө “ээлжийн амралтын мэдэгдэл”-д амралтын тооцоотой эсэхийг тэмдэглүүлнэ. Ажилтны ээлжийн амралтын тооцоонд хүний нөөц хяналт тавина.
- 6.20 Ажлын зайлшгүй шаардлагаар Даргын тушаалаар ажилтныг амралтын дундуур дуудан ажиллуулж болно. Бусад тохиолдолд ажилтныг амралтын дундуур дуудан ажиллуулахыг хориглоно. Ажилтныг дуудан ажиллуулахтай холбоотой зохион байгуулалтын арга хэмжээг хүний нөөц хариуцна.
- 6.21 Хүний нөөц нь нийт ажилтны амралтын тооцооны нэгдсэн тайланг тухайн оны 12 дугаар сарын 20-ны дотор гаргаж Захиргааны асуудал хариуцсан ажилтанд тайлагнана.
- 6.22 Ээлжийн амралтаа авах ажилтан шууд удирдах албан тушаалтантайгаа зөвшилцөн түр орлон гүйцэтгэгчид ажлаа хүлээлгэн өгнө.
- 6.23 Ажилтан удирдлагаас олгосон чөлөө, ээлжийн амралтын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн бол ажил тасалсанд тооцно.
- 6.24 Албан хаагч чөлөөний хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 3-аас дээш хоног хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ажилдаа ирээгүй тохиолдолд ажлаас халах хүртэл арга хэмжээ авна.
- 6.25 Гадаадын их дээд сургууль, мэргэжил дээшлүүлэх курс, хэлний сургалтад удаан хугацаагаар явж суралцахаар төлөвлөж буй ажилтан нь энэ журамд заасны дагуу чөлөө авах хүсэлтээ Захиргааны асуудал хариуцсан ажилтанд 14 хоногийн өмнө бичгээр гаргана. Энэ заалт туршилтын хугацааны болон энэ журамд заасан түр, үндсэн бус ажилтанд үйлчлэхгүй.
- 6.26 Ажилтан журмын 6.25-д заасан хугацааг мөрдөөгүйгээс гарах үр дагаврыг ажил олгогч, түүний төлөөлөгч хариуцахгүй.
- 6.27 Эмэгтэй хүний хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.