Тав. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, ажил хүлээлцэх
- 5.1 Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хууль, энэ журамд заасан үндэслэлээр дуусгавар болно. Ажил үүргийг хавсран буюу орлон гүйцэтгүүлэх бол ажил олгогчийн шийдвэрт тодорхой заана.
- 5.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-80.1.6-д зааснаас бусад үндэслэлээр, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох санал нь “Мэдэгдэл” хэлбэрээр байна. Байнгын ажлын байрны хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, ажил олгогч гэрээг сунгахгүй тохиолдолд энэ тухай мэдэгдлийг нэг сарын өмнө ажилтанд гардуулна.
- 5.3 Туршилтын хугацааны ажлын тайлангаар ажилтны мэргэжлийн ур чадвар, хувийн зан байдал тухайн ажлын байранд тэнцэхгүй гэж үнэлэгдсэн бол ажил олгогч туршилтын хугацааг хэдийд ч зогсоож гэрээг хугацаанаас өмнө цуцлах буюу дуусгавар болгох эрхтэй. Журмын 5.2-т заасан мэдэгдэл энэ заалтад хамаарахгүй.
- 5.4 Өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу дуусгавар болох тухай өргөдөл гаргасан ажилтан нь байгууллагад аливаа зээл, төлбөрийн үлдэгдэлгүй байна.
- 5.5 Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон ажилтан Даргын тушаалыг үндэслэн тойрох хуудсаар ажлаа хүлээлгэн өгнө. Шаардлагатай бол ажил олгогч ажил хүлээлцэх комисс томилно.
- 5.6 Хүний нөөц ажил хүлээлцэх, хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавина.
- 5.7 Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа ажилтан өмнө гаргасан тайлангийн хугацаанаас хойш хийж гүйцэтгэсэн ажлын тайланг шууд удирдах албан тушаалтанд, хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичиг, компьютерын файлыг хүний нөөцийн төлөөллийг байлцуулан ажил хүлээн авах ажилтанд, уг ажилтан томилогдоогүй бол тухайн албан тушаалыг түр орлох ажилтанд, тавилга, төхөөрөмж, техник хэрэгсэл, ажлын үнэмлэх, түлхүүр, лацны тэмдэг зэрэг эд зүйлсийг санхүү (нярав)-д тус тус тушаалд заасан хугацаанд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэнэ.
- 5.8 Ажил хүлээлцсэн тэмдэглэл, тойрох хуудсыг тус бүр 3 хувь үйлдэнэ. Ажил олгогч нь санхүү болон ажилтны хувийн хэрэгт тус тус хадгална. Ажил хүлээлцэх тооцоо дууссаныг нотлох тойрох хуудас, ажил хүлээлцсэн тэмдэглэлийг үндэслэн ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэл хийж, үлдэгдэл цалин хөлс, олговрыг олгоно.
- 5.9 Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа ажилтнаас журмын 5.4, 5.7-д заасан үүргийг биелүүлэхийг шаардах, шаардлагыг биелүүлэх хүртэл хугацаагаар ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэл хийх, үлдэгдэл цалин хөлс, олговор, тэтгэмжийг олгохыг түр хойшлуулах эрхтэй.
- 5.10 Журмын 5.8-д заасныг зөрчиж нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэл хийсэн, цалин хөлс, олговор, тэтгэмжийг олгосон ажилтныг сахилгын зөрчил гаргасанд тооцож, энэ журамд заасан хариуцлага тооцох үндэслэл болно.