Гурав. Шинээр ажилтан авч ажиллуулах
3.1.Ажил олгогч нь ажлын байрны зарыг үйлдвэрийн газрын цахим хуудаст ил тод мэдээлэх ба олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж болно. Ажлын байранд тавигдах шаардлага хангасан ажил горилогчийн хувийн хэрэг нээж дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
3.1.1.Ажил горилогчтой хийсэн ажил олгогчийн ярилцлага, багаар ажиллах ажилтнуудын дүгнэлт, сонгон шалгаруулалтын явцын бусад баримт бичиг;
3.1.2.Бүрэн ба бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар (тухайн ажлын байрны тодорхойлолтод шаардсан бол);
3.1.3.Ажилд орохыг хүссэн өргөдөл, анкет, Нийгмийн даатгалын тухай хуульд заасан заавал даатгуулах даатгалын дэвтрүүд;
3.1.4.Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3.1.5.Өмнө нь ажиллаж байсан бол ажиллаж байсан газрын удирдах албан тушаалтны гаргасан ажил байдлын тодорхойлолт;
3.1.6.Ажил мэргэжлийн ур чадвар, туршлага, амжилтыг нотлох бусад баримт бичиг;
3.1.7.Шаардлагатай бол ажил олгогч нь ажил горилогчийн оршин суугаа газрын засаг захиргааны нэгжийн тодорхойлолтыг шаардаж болно. 3.1.8.Ажлын байрны тодорхойлолтод дурдсан бусад материал.
- 3.2 Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан ажил горилогчийн анкетыг үндэслэн сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулна.
- 3.3 Даргын тушаалыг үндэслэн ажилтанд ажлын байранд нэвтрэх үнэмлэх олгож, хөдөлмөрийн гэрээг баталгаажуулна. Хөдөлмөрийн гэрээ нь ажилтны ажил, үүргээ гүйцэтгэх эрх зүйн үндэслэл болно.
- 3.4 Хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг баримтална.
- 3.5 Шинээр ажилд орж байгаа ажилтанд ажлын дадлага олгох, ажлын байранд тэнцэх эсэхийг тодорхойлох зорилгоор туршилтын хугацаагаар түр ажиллуулсны дараа зохих журмын дагуу үндсэн ажилтнаар авах эсэхийг шийдвэрлэнэ.
- 3.6 Журмын 3.5-д заасан туршилтын хугацаа 1 сараас багагүй байх ба хугацааг хөдөлмөрийн гэрээнд тодорхой заана. Шаардлагатай бол туршилтын хугацааг хуулийн хугацаанд дахин сунгаж болно.
- 3.7 Ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг 3 сар хүртэл хугацаагаар дагалдан ажиллуулж болно.
- 3.8 Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан (цаашид “Хүний нөөц” гэх) нь шинээр ажилд орсон ажилтанд Даргын тушаал болон хөдөлмөрийн гэрээний эх хувийг гардуулж, хөдөлмөрийн дотоод журам болон өдөр тутмын үйл ажиллагааны дэг журмыг танилцуулна. Үүнд:
- 3.8.1 Ажлын цагийн хуваарь, ажилтны ажлын байр, ажил, үүрэг, удирдлагаар хангах албан тушаалтан, хамтран ажиллагсад, ажлын өрөөнд биеэ авч явах болон харилцааны соёлд баримтлах байгууллагын дэг журам, тавигдах шаардлага зэрэг үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулалт;
- 3.8.2 Тухайн ажлын байр, ажилтны хувийн зохион байгуулалтад тавигдах шаардлага, ажлын төлөвлөлт, тайлагналт, үнэлэх, дүгнэх журам, хариуцлагын талаар болон бусад шаардлагатай мэдээлэл.
- 3.9 Ажил олгогч нь хүний нөөц бэлтгэх ажлын хүрээнд холбогдох мэргэжлийн чиглэлээр сурлага, хүмүүжлээрээ үлгэр жишээ суралцаж буй оюутнуудыг дэмжих бодлого баримталж үйлдвэрийн газрын ажлын байранд туршилтын болон үйлдвэрлэлийн дадлага хийлгэж болно.
- 3.10 Байнгын ажлын байрны Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад аль нэг тал гэрээг дуусгавар болгох тухай санал гаргаагүй бол гэрээ анхны хугацаагаар сунгагдсанд тооцно. Талууд харилцан тохиролцож анхны хугацааг өөрөөр тогтоож болох ба энэ тохиолдолд гэрээний өөрчлөлтийг бичгээр үйлдэж, үндсэн гэрээнд хавсаргана.