Зүлэг тарих арга, технологи
Зүлэг тарих талбайн хөрсийг бэлтгэхийн тулд дагтаршсан газрыг хүрз, жоотуу, тармуураар 15-20 см гүн ухан том чулуу, дунд зэргийн чулуу, зэрлэг ургамлын үндэс зэргийг шигшин авахын зэрэгцээ үржил шимт шинэ хар шороо нэмж жигд тараан тарих газрыг тармуураар тэгшлэх хэрэгтэй байдаг.
Зүлэг тарих талбайн хэмжээнээс хамаарч техникээр болон гар ажиллагаагаар хөрсийг боловсруулж элсжүүлэн хөнгөн бүтэцтэй болгож, хар шороо нэмж бууцаар бордож талбайг засна.
Тэгшилж бэлэн болсон талбайн нэг захаас 1м2 талбай бүрийг дахин хавтгай мод тавин дарж сул хөрсийг нягтруулан тэгшлээд 60-100г үрийг жигд тараан цацаж дээрээс нь уулын хар шороо ба элсний холимгоор үрийг далд ортол/үр ил гарахгүй байхаар/ буюу 1-2 см зузаан цацаж дарна.
Дараа нь тэгш хавтангаар сайтар дарж үрийг хөрсөнд суулгаж өгнө. Гэхдээ практик дээр м2 бүрийг хавтгай мод тавин дарах нь хэт их ажиллагаатай байдаг тул заавал тэгэх шаардлагагүй юм. 1м2 талбай бүрээр тарилгыг нягт нямбай хийсээр нийт талбайд хийж дуусгана.
Үрээ суулгасны дараа бороожуулагч хошуутай усалгааны хоолойгоор /дарлалттай усаар/ жигд бороожуулж усална. Бүдүүн усалгааны хоолойгоор юм уу хувингаар усалбал газар нь эвдэгдэж үр нь хуурай хөрснөөс ил гарах бөгөөд нэг удаа усанд сайн дэвтсэн үр буруу усалснаас болоод хөрснөөс ил гарвал хатаж дахин сэргэн ургах боломжгүй. Иймээс усалсны дараа ил гарсан үрийг дахин хөрсөөр дарж өгөх хэрэгтэй. Тарьсан зүлэг тань 3-4 хоногт соёолж 7-14 хоногт ширдэг шиг ногоон зүлэгтэй болсон байх болно.